Учир замбараагүй бүү сарниул
Ганцхан цэгт хураан зангидаж
Гарах орохыг нь захирч сур.
Уур болоод гоморхолын аль нь ч
Унтраахаас бус асаадаггүй юм сэтгэлийг
Хилэнт үгс, гомдол тунирхалаа тэгэхээр
Хэзээд хянаж явбал өөрт тустай.
Хорслоос хайр нь давсан цагт амар амгаланд хүрмүй.
Хорон муу санаагаа дарж чадваас амар амгаланд хүрмүй.
Хилэнт бодлыг зайлуулж чадваас амар амгаланд хүрмүй.
Хүсэл шуналаа цагдаж чадваас амар амгаланд хүрмүй.
Овооны чулуунаас битгий авч бай
Ширхэг бүр нь шивлэгтэй байдаг юм.
Олоны аманд бүү өртөж бай
Шилийг нь дагаад үйлс бурууддаг.
Таны нууц задарсан аваас
Та өөрөө л буруутан
Өөрийнхөө цээжинд чоожилж чадаагүй үгээ
Өрөөлийн аманд тогтоно гэж эндүүрсэний гай.
Бүсээ чанга бүсэлж бай бие чийрэг байдаг юм.
Бүхнийг дийлэн бодож бай сэтгэлд хат суудаг юм.
Уулсын толгой давуулж тэргүүнээ өргөж яв
Улсын түрүүнд эрвэлзэж тэнгэрийн наранд залибарч яв.
Авахаасаа өгөхийг эрхэмлэхүй доор
Алдaхын бус олдохын нигуур наашилмуй.
Хардахаас хайрлахыг эрхэмлэхүй доор
Хаяагдахын бус ханилахын нигуур наашилмуй.
Харамлахын дон амны хишиг бузарлана.
Хардахын дон амрагийн зүрх бузарлана.
1. Сэтгэлийн их тэнхээтэй бай, хэн нэг нь таныг ивээн гэж битгий найд.
2. Зөвхөн өөртөө л итгэ.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо, олон юмны хойноос хөөцөлдвөл хоосон хоцорно.
4. Төлөвлөгөөтэй ажилла, маргааш юу хийхээ урьд өдөр нь төлөвлөж бич.
5. Муу зуршалаасаа бага багаар сал.
6. Юун дээр цаг алддагаа ажиглаж дахин давтахгүйг хичээ, бодох амрах, санах бүхий л цагаа зохицуулж сур.
7. Хийх гэж байгаа зүйлээ үнэхээр чухал эсэхийг сайтар тунгаа.
8. Битгий цухалдаж бачимд, хэнээс юунаас гэдгийг ухаар.
Сайн сайхныг бод, үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуул